Wednesday, August 4, 2021

Олгой хорхой буюу Монголын говийн нууцлаг алуурчин

 


Одоогоос даруй гучин жилийн тэртээ сургуулиа төгсөөд удаагүй, хийж бүтээх хүсэл мөрөөдлөөс өөр юу ч үгүй залуухан инженер явах үедээ ажил төрлийн мөр хөөж бас ч үгүй азтай тохиолоор Монголын гучин гурван говийн нилээдийг нь хөндлөн гулд туулж явсан үе сэтгэлд тодхон үлджээ. Залуу насны хэнэггүй зан, төлөвшиж гүйцээгүй оюун минь эх нутгийнхаа дахин давтагдашгүй сайхан бүхнийг бүрэн гүйцэд ухаарч мэдрэх хэмжээнд хүрээгүй л явж дээ.   
  

Одоо эргэн санахад өдөртөө хөхөмдөг манан, зэрэглээн дунд үелзэж, орой наран жаргах үес улбар шар өнгөөр солигдон үлгэр домгийн мэт гайхамшигт тогтолцоогоороо хараа булаан байдаг тэр л дүр зураг сэтгэлд тодрон адал явдал, аян замын тоос шороог хүртэл санагалзах миний төрөлх занг өдөөн дуудна.


Сэтгэлийн гүнд улалзах энэ хорлонтой цогийг гал болгон асаачихалгүй мөрөөрөө ажил төрөлдөө сатааран суугаа энэ үед аль тавиад оны дундуур Монголд аялаж, геодезийн хэмжилт хийж явсан Зөвлөлтийн зохиолч, бас миний мэргэжил нэгтэн И.Ефримовийн бичсэн нэгэн өгүүллийг уншсан маань нэрмээс болж аялаж тэнэх хүслээ дарж намжаах нь өнгөрөв бололтой. Энэ бүхэн миний сэтгэлийг тэгтэл ихээр татах зарим онцгой учир шалтгаан үнэхээр байсан юм. Энд өгүүлэн буй сонирхол татам үйл явдал өрнөж буй газар орон нь угтаа миний төрсөн нутаг төдийгүй би залуудаа энэ л нутгаар геодезийн хэмжилт хийж явсан гээд бодохлоор бид хоёр өөр өөр цаг үед нэг л салбарт ажиллаж байсныг илтгэнэ.  Нөгөө талаас И.Ефримов Зөвлөлтийн нэртэй зохиолчдын нэг төдийгүй би сурагч ахуй үедээ түүний бичсэн "Каллисто гариг" хэмээх зөгнөлт романыг уншихдаа бараг л донтож сансар огторгуйн тухай мөрөөдлөөс салаж чадалгүй удаж билээ. Энд өгүүлэн буй газар орон надад хэдийн танил бөгөөд тэнд ажиллаж явахдаа "олгой хорхой" гэх нутгийн ардын яриаг бишгүй сонсож байсан ч хүмүүсийн ам дамжсан цуу яриа, биднийг айлгах гэж хоосон оролдож байна гээд тоож байсан удаагүй билээ. Хөгшчүүд бидэнд хүүхдүүд минь олгой хорхой харагдах юм бол битгий ойртоорой. Бидний үгийг эс тоовол амь насаа алдана гэж шаргуу захихад нь та өөрөө харсан уу гэж хариу асуугаад ёс юм шиг л үгүй гэсэн хариу аваад инээлддэг байж.  Юутай ч их зохиолч энэ аман яриаг сонирхол татам адал явдалт дурсамж байдлаар бичиж тухайн үедээ олон сая Орос хүний нүдийг орой дээр нь гаргаж байжээ. Зохиолч энд тохиолдсон явдлыг гарцаагүй үнэн гээд олгой хорхойд хорлогдон нас барсан хоёр нөхрөө Долоон хоолойн элс,Жунгаарын говийн хойд захад Гунигт уул хэмээн өөрийнхөөрөө нэрлэсэн ууланд астрономийн пунктын дэргэд оршуулсан гэж бичсэн байх юм.  Энэ  пункт манай улсын геодезийн сүлжээний өмнөд тулгуур цэгийн үүргээ одоо ч гзйцэтгэж байгаа билээ. Хоёр улсын гэрээний дагуу ажиллаж байснаа дурдаад Монголын говийн нууцлаг алуурчин "олгой хорхой" жолооч Гриша, холбоочин хоёрыг дөрвөн метрийн зайнаас хоромхон зуур алсан бөгөөд говь нутгийн аагим халуунд нас барсан хүнийг тээвэрлэн авч явах боломжгүй тул тэмдэг бүхий газарт  монгол газарчин Дархан бид хоёр амь үрэгдсэн нөхдөө оршуулсан билээ гэж бичжээ. Үнэн эсвэл зохиомол алин байлаа ч олон сая хүнд үлгэрийн мэт Монголын говь нутгийн тухай, түүний гайхамшигт дүр зураг хийгээд байгалийн хатуу ширүүнийг цочирдом сонин хачин үйл явдлаар дамжуулан сэтгэлд бууж, очиж үзэх хүсэл төртөл бичсэн байна. Энд өгүүлж байгаа бүхнээс миний хувьд зөвхөн одоог хүртэл харсан хүнгүй олгой  хорхойноос бусад нь лавтай үнэн юм. Таамаг төдий, зохиолчын уран сэтгэмж байж болох зүйлийн эрэлд гарах гэсэн хэрэг бус харин үл давтагдах онгон зэрлэг байгалийн сүр хүчийг мэдэрч, адал явдалд дурлах болоод танин мэдэх хүслийг өдөөж буй нь миний хувьд чухал билээ.

.

No comments:

Post a Comment